• info@eec.mn
  • +976 70119498

Сурагч

АЖИЛ МЭРГЭЖЛИЙН ХӨГЖИЛ, СОНГОЛТЫН ТАЛААРХ ЗАРИМ ОНОЛ

Аливаа онол нь нарийн төвөгтэй үзэгдлийг ойлгох үндсэн чиглэлийг тодорхойлдог. Бидний ажил мэргэжлийн хөгжил, төлөвшилд хүмүүс ажил мэргэжлийн талаар хэрхэн сурдаг, хөгждөг, ажил мэргэжлийн хувьд ялгарах шинж нь юу байдаг, энэ нь насанд хүрэхэд хэрхэн өөрчлөгддөг гэдгийг тайлбарлахад онолын үзэл баримтлал хэрэгтэй байдаг. 

Ажил мэргэжлийн онол бүр өөрийн гэсэн давуу талтай байдаг. Зарим онол ажил мэргэжлийн хөгжлийн явцад тодорхой сонголт хийх, зарим онол нь энэ сонголтыг хийхэд нөлөөлөх хөндлөнгийн хүчин зүйлийг тайлбарлах, үлдсэн нь ажил мэргэжлийн ялгарах шинж болон төлөвшил, хөгжлийн тайлбарлахад их хэрэгтэй байдаг. Бүх онол тодорхой мөн чанар, үзэл санаатай байдаг. Онолын үзэл санааг илүү гүнзгий мэдэх тусам бусад хүмүүст ажил мэргэжлийн чиг баримжаатай болоход сайн тусалж чадна. 


Онцлог шинж чанар болон хүчин зүйлийн онол

Энэ онолыг 1909 онд Франк Парсонс боловсруулсан байдаг. Залуу хүмүүс өөрийн онцлог шинж чанар (сонирхол, чадвар болон ур чадвар), ажлын талаарх мэдлэг, онцлог шинж чанар болон ажлын шаардлагад хамгийн сайн тохирох логик учир шалтгаанд үндэслэн сонголтоо хийдэг. 

Хүмүүсийг ажлын орчин нөхцөлтэй харьцуулах аргыг 1959 онд Жон Холланд анх дэвшүүлсэн бөгөөд хүмүүс бие хүнийхээ шинж чанарт нийцүүлэн ажлын нөхцөл, орчинг сонгодог гэсэн үзэл баримтлалтай. Энэхүү онолд бие хүний шинж чанар болон ажлын орчин нөхцлийг 6 ангилдаг. Үүнд: бодит үйл ажиллагааг эрхэмлэгч, судлаач, уран сайхны, нийгмийн, ажил хэрэгч, стандартыг баримтлагч хэв шинжүүд юм. Ажил мэргэжлийн ялгарах шинж нь нэлээд тогтвортой, өөрийн зорилго, сонирхол болон авьяасын талаар тодорхой дүр зурагтай байдаг. Онцлог шинж чанар болон хүчин зүйлийн аргыг “шалга тэгээд хэл” аргаар тодорхойлдог. Энэ нь залуу хүмүүст ажил мэргэжлийн төлөвлөлт, хөгжлийн талаарх бодож эхлэхэд их үр дүнтэй арга юм. Гэхдээ энэ нь ажил мэргэжлийн хөгжил, түүний бүх үзэгдлийг тайлбарлаж чаддаггүй. 

Хөгжлийн онол

Хөгжлийн онол нь ажил мэргэжлийн ялгарах шинж нь хүүхэд байхаас насанд хүрэх хүртэл хүний амьдрал, оюун ухаан болон биеийн хөгжлийн явцад хэрхэн өөрчлөгдөж, хөгждөгийг ойлгох боломжийг олгодог. Үүнийг “амьдрах-хугацааны” арга ч гэж нэрлэдэг. Хүний ажил мэргэжлийн ялгарах шинж болон төлөвшлийн хувьсал тухайн хүний хувь хүний хөгжил болон төлөвшилтэй нарийн төвөгтэй холбогддог. Ажил мэргэжлийн сонголт гэдэг нол тухайн хүний өөрийнх нь талаарх концепцийн (өөрийгөө хэрхэн үнэлж, харж байгааг илтгэх) илэрхийлэл болж байдаг.  

Ажилчин байх нь бидний амьдралын үүргийн нэг хэсэг. Энэ нь хүүхэд, оюутан, суралцагч, иргэн, гэр бүлийн гишүүн, эхнэр нөхөр, эцэг эх, эмээ өвөө байх гэсэн амьдралын үүрэгтэй нэгэн зэрэг оршин байдаг үүрэг. Бид ажлын үүргээ амвдралын эдгээр үүрэгтэй уялдуулдаг бөгөөд амьдралыг үүрэг бүр нөгөө үүрэгтэй чухал нөлөө үзүүлж байдаг. Тиймээс ажил мэргэжлийн сонголт амьдралын өөр өөр үүрэг, хувь хүний амьдралын зорилго, утга учир, ур чадвар, сонирхол, болон үнэт зүйлийг харгалзах шаардлагатай байдаг (Super, 1996). Суралцах болон ажиллах нь хүний амьдралын өргөн хүрээний үйл ажиллагаа.  Энд зөвхөн албан боловсрол, сургалт болон цалин, хөлстэй ажил багтдаггүй. Супер ажил мэргэжлийн хөгжлийн дараах 5 үе шатыг санал болгосон байдаг. 

Хөгжлийн онолын үндэслэгч Супер бидний ажил мэргэжлийн сонголт, хөгжлийг тодорхойлохын тулд хүний өөрийн хүчин зүйл (хэрэгцээ, оюун ухаан, хандлага, сонирхол, үнэт зүйл, амжилт, хувь хүний зан чанар) газарзүйн хүчин зүйлтэй (хамт олон, сургууль, гэр бүл, үе тэнгийнхэн, эдийн засаг, нийгэм, хөдөлмөрийн зах зээл, нийгмийн бодлого, хөдөлмөр эрхлэлт) хэрхэн уялдахыг тодорхой харуулах зорилгоор нуман загварыг ашигласан байдаг.  Хөгжлийн онол ажил мэргэжлийн ялгарах шинж болон төлөвшлийн хувьслыг тайлбарлах, нас болон хөгжлийн үе шатад тохирсон ажил мэргэжлийн чиг барижааны үйл ажиллагааг боловсруулахад чухал байдаг.

Суралцахуй, танин мэдэхүйн онол

Ажил мэргэжлийн хөгжлийн суралцахуй болон танин мэдэхүйн онол нь танин мэдэхүйн болон суралцахуйн ажил мэргэжлийн ялгарах шинж болон төлөвшлийн хувьсалд нөлөөлөх нөлөөллийг судалдаг. Танин мэдэхүйн процесс болон зан төлөв нь шийдвэр гаргахад маш чухал байдаг. Генетик, орчин, суралцахуй болон даалгавар суурилсан аргатай холбоотой чадвар нь ажил мэргэжлийн ялгарах шинж төлөвших анхдагч хүчин зүйлүүд байдаг. Суралцахуй болон даалгаварт суурилсан аргатай холбоотой чадвар нь сургуулийн ажил мэргэжлийн чиг баримжаа олгох үйл ажиллагаагаар өөрчлөгдөх боломжтой (Krumboltz, 1996). 

Нийгмийн танин мэдэхүйн онол нь өөртөө үр ашигтай байх итгэл үнэмшил, субьектив итгэл үнэмшил бөгөөд энэ итгэл үнмэшил нь хүн тодорхой даалгавар гүйцэтгэх, тодорхой ажил мэргэжлийн дагуу ажиллах, тодорхой үр дүнд хүрэх болон тулгарсан бэрхшээлийг даван туулахад тусалж чаддаг (Bandura, 1986). Суралцахуй нь өөртөө үр ашигтай байх итгэл үнэмшлийг хэлбэржүүлдэг бөгөөд боловсролын боломж, гэр бүлийн нөхцөл зэрэг хүчин зүйл энэ итгэл үнэмшилд нөлөөлдөг.

Суралцахуйн болон танин мэдэхүйн онол нь боловсролын бодлогын орчинд маш их чухал. Энэ онол нь суралцагчдад ажил мэргэжлийн чадамж, ялгарах шинж болон төлөвшлийн хөгжилд дэмжлэг болох итгэл үнэмшил, зан төлөвийг сайжруулах ажил мэргэжлийн интервенц үйл ажиллагааны үүрэгт ихээхэн ач холбогдол өгдөг.

Социологийн онол

Энэ онолоор ажил мэргэжлийн хөгжил нь хүний ажил, амьдралын үр дүн бөгөөд энэ нь олон төрлийн хүчин зүйлүүдээс шалтгаалдаг. Гэр бүл, эцэг эх, нийгмийн үзэгдэл, үйл явдал, шашин, эдийн засгийн нөхцөл байдал, улс төрийн чиг хандлага бүгд нийлж тодорхой орчинг бий болгож, энэ орчин нь хувь хүний төрөл бүрийн ажил мэргэжлийн талаарх хандлага, санал бодолд нөлөөлдөг. Ажил мэргэжлийн чиглэлээр зөвлөгөө өгдөг сэтгэл судлаачид шинээр гарч ирж байгаа ажил мэргэжилтэй холбоотой зөвлөгөө өгөхдөө “нийгэм танин мэдэхүйн орчин” гэдэг үзэл санааны загварыг авч үздэг болсон байна. Энэхүү загварыг баримталдаг зөвлөхүүд нь тухайн хүний нийгэм, танин мэдэхүйн орчныг судалж ойлгосны үндсэн дээр зөвлөгөө өгдөг хандлагатай байна. Социологийн онол нь суралцагчийн ажил мэргэжлийн сонголтод нөлөөлөх нийгэм эдийн засаг, соёлын нөхцөл байдлын нөлөөлөлд голлон анхаарал хандуулдаг.

Психодинамик онол

Энэ онол нь ажил мэргэжлийн хөгжил, төлөвшилд нөлөөлдөг эго шинж чанар (Эриксон), амьдралын сэдэв (Адлер), болон амьдралын “гар бичмэл”-ийг голлон судалдаг.   Эдгээр нөлөөлөл нь ажил мэргэжлийн чиг баримжаа болон сонголт дахь сэтгэл хөдлөлийн үүрэг, түүнчлэн хүний амьдралын талаарх хүүрнэл, тайлбар болон утга учирт ихээхэн ач холбогдол өгдөг. 

Ажил мэргэжлийн сонголт хийх нь суралцагчид болон насанд хүрэгчдийг аливаа асуудалд логиктой, үндэслэлтэй хандахаас илүү зүйл. Психодинамик онол нь ажил мэргэжлийн сонголтод нөлөөлдөг сэтгэл хөдлөлийн хүчин зүйл гэж байдаг гэдгийг үргэлж сануулж байдаг. 

Хаосын онол

Ажил мэргэжлийн сонголт, хөгжлийн Хаосын онол нь ажлын ертөнц дэх бидний амьдралын замналыг тодорхойлдог орчин, нийлмэл байдал, холбоо хамаарал, өөрчлөлт болон боломжийн нөлөөллийг судалдаг. Хүмүүс таахын аргагүй орчлон ертөнцөд амьдрах чадвар, зорилго болон утга учрыг эрэлхийлж байдаг. Тодорхойгүй ертөнцөд ажил мэргэжлийн талаар гаргасан бүх шийдвэр амжилттай байна гэж хүлээх нь бодитой бус. Ажил мэргэжлийн буруу сонголт хийх нь хэнд ч байж болох энгийн зүйл бөгөөд үүнийг үнэ цэнэтэй, үнэлж дүгнэх, хариу арга хэмжээ авах зүйл мэтээр хүлээж авах хэрэгтэй (Pryor and Bright, 2014).

Хаосын онол нь бидний хяналтаас гадуур, ажил, амьдралын таахын аргагүй нөхцөл байдалд хувь нэмэр оруулдаг хүчин зүйлд анхаарал хандуулдаг учраас маш чухал онол. Суралцагчдыг ажил мэргэжлийн олон хувилбарт сонголт хийхэд сургах, ажилгүй нөхцөл байдалд өөрийгөө удирдан чиглүүлэхэд бэлтгэх нь хамгийн чухал ач холбогдолтой хэсэг юм.
 

Нийтэлсэн: Админ
Сэтгэгдэл-0
Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдлүүд-0