Сургуулийн түвшинд зохион байгуулах ажил мэргэжлийн чиг баримжаа олгох танхимын үйл ажиллагаа, сургуулийн орчинд болон сургуулиас гадуурх үйл ажиллагааны талаар авч үзнэ.
Сургууль бол ажил мэргэжлийн чиг баримжаа олгох танхимын үйл ажиллагааг зохион байгуулах хамгийн тохиромжтой газар. Учир нь суралцагчдыг бүлгээр зохион байгуулж ажил мэргэжлийн чиг баримжааг илүү системтэй, зохион байгуулалттай хэрэгжүүлэх боломжтой юм. Түүнчлэн энд л хүүхдүүд бие биенээсээ суралцах боломжтой байдаг.
Ерөнхий боловсролын сургуулиуд ажил мэргэжлийн тодорхой туршлагатай, мэдээлэлтэй эсвэл мэдлэгтэй хүмүүсийг (эцэг эх, тухайн сургуулийн төгсөгчид, ажил олгогч, мэргэжлийн холбоод, сургалтын байгууллага, орон нутгийн хөдөлмөрийн хэлтэс гэх мэт) сургуульдаа урьж, суралцагчидтай ажил мэргэжлийн талаар ярилцаж, илтгэл тавьж, хэлэлцүүлэг хийх үйл ажиллагааг зохион байгуулж болно. Суралцагчид танхимын болон танхимын бус үйл ажиллагааны хүрээнд мини-компани эсвэл аж ахуйн нэгжийг байгуулж болно. Орон нутгийн нэр хүнд бүхий аж ахуй эрхлэгчид, бизнесүүдийг урьж, суралцагчдын мини-компани, аж ахуйн үйл ажиллагаанд зөвлөгөө өгч болно.
Ажил мэргэжлийн чиг баримжаа олгох үйл ажиллагааг сургуулиас гадуур мөн зохион байгуулж болно. Ажлын туршлага хуримтлуулах, ажлын байранд зочлох, боловсролын яармагт очих, хөдөлмөр эрхлэлтийн яармагт зочлох гэх мэт үйл ажиллагааг нэрлэж болно.